Тэмбүү (Syphilis)

Үүсгэгч

Тэмбүү өвчин цайвар трепонем гэдэг нэг эст нянгаар үүсгэгддэг. Бэлгийн замаар дамжин халдварлагддаг. Өвчний явц олон үе шаттай, хүний бүх эд эрхтэнг гэмтээдэг, удам дамждаг, архаг удаан явцтай өвчин юм. Явцаар нь 1, 2, далд үеийн, 3-р үеийн гэж ангилдаг. Мөн цусаар болон эхээс урагт дамжин халдварлагддаг. Өвчний илрэх үе хүртэл 3-4 долоо хоног, хамгийн наад хугацаа нь 10 хоног, цаад хугацаа нь 3 сар байдаг.

Шинж тэмдэг

Халдвар орсон газар ( бэлэг эрхтэн, уруул, шулуун гэдэс орчим) зөв дугуй ба зуйван дугуй хэлбэртэй, өвчингүй, сууриараа хатуу яр гарна. Энэ нь халдвар авснаас хойш дунджаар 2-3 долоо дараа гарах ба маш их халдвартай. Яр нь зовиургүй учир хүмүүс түүнийг анзааралгүй өнгөрдөг ба энэ нь 1-5 долоо хоногийн дараа өөрөө алга болох учир эмчид ханддахгүй байх нь элбэг.
Эмчилгээ хийгээгүй тохиолдолд тэмбүү өвчин 2-р шатандаа орно. Тэмбүүгийн 2-р үе халдвар цусаар тархан, яр алга болсноос хойш 1-6 сарын дараа бүх биеэр тууралт гарна. Өвчин үүсгэгч цусаар дамжин бүх бие махбодид тархдаг. Тууралт нь ямар ч өвдөлтгүй бас загатнахгүй бөгөөд хэдэн жилийн турш нэг гарч, нэг алга болох маягаар гарна. Зарим хүний үс унана. Энэ үе 2 сараас 2-3 жил үргэлжилнэ.
Далд үеийн тэмбүү хоёрдугаар үеийн шинж тэмдэг илрэхгүй болох нь өвчин далд хэлбэрт орсныг илтгэнэ. 10-20 жил ч үргэлжилж болно. Эд эс далдуур гэмтсээр л байна. Ялангуяа цусны судас, мэдрэлийн тогтолцоо гэмтэнэ.
3-р үеийн тэмбүү халдвар авснаас хойш 10-40 жилийн дараа илэрч болно.


Хамгийн чухал эрхтэн болох тархи, зүрх, хүний хамрын ясыг дотроос нь идсээр гуншаа болгодог.

Бүх жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд байхдаа (эхний 3 сард) цусны шинжилгээ өгснөөр тэмбүүгийн шинжилгээ хийгддэг. Хэрэв жирэмсэн эмэгтэй тэмбүүтэй гарвал эмчилгээг урагт нөлөө багатайгаар хийдэг. Эмчлээгүй тохиолдолд ураг зулбах, дутуу төрөх цаашилбал, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх аюултай.

Үр дагавар

Мэдрэлийн системийг гэмтээж үхэлд хүргэх аюултай. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, оюуны чадавхигүй болох, саажилт үүсэх гэх мэт үр дагавар гардаг.